2011 оны 12-р сарын 12, Даваа гариг, 17:39
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны “Хөгжилд хүрэх түншлэл” Үндэсний форум дээр МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн хэлсэн үг.
Түншлэл гэж бид олон жил ярилаа даа. Гайхамшигтай сайн хөгжсөн гэх хүн гарахгүй байх. Зарим нэг нь хэрэгжээд, ерөнхийдөө бахь байдгаараа байгаа. Яагаад олигтой хөгжихгүй байгааг өнөөдөр авч хэлэлцэж байна. Хүн төрөлхтөн төр гэдэг юмыг бодож олоод асар олон жил болсон. Сайн ч юм хийж, бас саар ч зүйл хийж ирж. Тэрний нэг нь муу засаглал юм. Энэ нь хүмүүсийн дуу хоолойг сонсдоггүй, эсвэл сонссон болдог, тэгсэн хэр нь баялаг бүтээж юм хийж байгаагаа дэмжихээсээ илүү саад бэрхшээл учруулдаг засаглалын ийм бүтэц бий болчихсон. Тэр нь зарим оронд данхайгаад, заримд нь диктатурын шинжтэй болоод, заримд нь ардчиллын шинж чанартай үүссэн ч хэрэг дээрээ асар их хүнд сурталтай ардчиллыг бий болгосон. Төр, засаглалын ерөнхий хандлага нэг иймэрхүү харагдаж байна. Ийм учраас сүүлийн үед “Bad government” буюу муу засаглал гэсэн нэр томъёо их гараад байна. Түүнээс биш “Bad market” буюу муу зах зээл гэсэн юм алга. Тиймээс өнөөдрийн бидний хуралдаж буй гол шалтгаан чухамдаа засаглал болон бизнест байгаа хүмүүс хоорондоо хэрхэн яаж үр ашигтай хамтран ажиллаж, тэр нь ямар механизмаар дамжин бодиттой болох юм гэдэгт оршиж байгаа юм. Энэ нь “Төр-хувийн хэвшлийн түншлэл” гэсэн томъёололоор илэрхийлэгдэж буй.
Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжил, бидний өмнөө тавьсан зорилтуудад хүрэх гол арга зам бол мэдээж хэрэг хувийн хэвшил, түүн дээр тулгуурласан төр-хувийн хэвшлийн үр ашигтай, хүнд сурталгүй, бодитой ажил хэрэг болдог тийм механизм байх нь ойлгомжтой. Харин хамгийн ойлгомжгүй байгаа зүйл бол хурал дээр сайхан яриад өнгөрдөг, бодит амьдрал дээр сайн явж өгөхгүй байгаа явдал юм. Манай Танхимаас бэлтгэж гаргасан “Монгол Улс дахь бизнес эрхлэлтийн замын зураг”-ийг та бүхэнд зориуд үзүүлэхээр би авчирсан юм. Энд Монгол Улсад бараа оруулж ирэхэд ямар хүндрэлтэй байдгийг цагаан будаагаар жишээ авсан. Цагаан будааны импорт дээр хичнээн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж, хэдий хэмжээний км замыг туулдагыг эндээс харж болно. Экспортын зургийг мөн махаар төлөөлүүлэн гаргасан. Өнөөдөр манайд эдийн засаг халаад байна гэж их ярьж байна. Гэтэл цагаан будаа орж ирэхэд саад болоод буй тэр хүчин зүйлүүдийг багасгаад өгвөл хэрэглэгчдэд очих үнэ өсөхгүй. Түүнээс бус энэ нь эдийн засаг их халаад байна гэдгээс огт хамаарахгүй. Өсөлтөд талх, нүүрс, зэс, цагаан будаа бүгд л хэрэгтэй. Тэгвэл манай бизнесийн орчин маань хэрэв ийм бэрхшээлтэй байгаад байвал өсөлтөд хүрч байгаа зардал маань хэцүү байна гэсэн үг.
Бид өнгөрсөн онд “Бизнесийн орчны шинэтгэл” гэсэн нэр томъёог Монгол Улсын засаглалын түүхэнд анх удаа оруулж ирээд юм хум хийсэн. Гэвч бид тууштай хийж чадсангүй. Энэ онд ч гэсэн олигтой юм болсонгүй. Тэгэхээр бид бизнесийн орчинг сайжруулъя л гэж байгаа бол цагаан будааны импортод тулгарч буй шиг саад бэрхшээлийг багасгахтай адил тодорхой зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тэгэж байж тодорхой үр дүнд хүрнэ. Нөгөө талаас төр-хувийн хэвшлийн түншлэлийн бас нэг чиглэл нь эдийн засгийн өсөлтийг бий болгоход уул уурхайгаас бусад салбарууд яаж оролцож байгааг анхаарах нь чухал. Өсөлтийг бий болгоход бусад салбар хэрхэн оролцож, улмаар түүний үр шимийг яаж хүртэж байгаа үйл явцаар илэрхийлэгдэх учир үүн дээр сайн анализ хийж болохгүй байгаа зүйлүүдийн чиглэлүүдийг гаргая. Гаргахаас гадна хамгийн гол нь бодитой түс тас хийсэн арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна.
Тиймгүйгээс өнөөдөр бид нэг сектор руу хэт их анхаарал хандуулаад бусад дээр огт хоосон биш гэхэд онцгой анхаарал хандуулахгүй байгаа байдлаасаа харахад өнөөдрийн эдийн засагт ажиллах хүчин дээр нь чанарын зөрүү гарчихсан, капиталын урсгал нэмэгдчихсэн байдалтай байна. Ерөнхийдөө эдийн засгийн идэвхжил тааруу, түүнийг хангаж байх банк, санхүүгийн орчин муухан, ийм дүр зураг ажиглагдаж байна. Энэ бол дунд болон том компаниудын ерөнхий нийтлэг дүр төрх. Жижиг болон бичил компаниудын хувьд бүр тааруу байгаа. Тийм учраас өнөөдрийн энэ форум дээр тулгамдаж байгаа асуудлыг хувааж ярьж байна. Миний хариуцаж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх нь” сэдвийн хувьд үнэндээ тусгайлаад яриад байх юм нэг их байхгүй. Яг одоо яахав гэдэг дээр бушуухан тэр тогтолцоогоо ажиллуул гэж шууд хариулах байна. Хууль дүрмийг бүү хүлээ! Мөнгөний эрхийг нь тавьж өг! Ийм л гол чиглэлүүд байгаа учир өөр юу гэхэв. Уг нь бол сангийн хөрөнгөд байгааг нь 30 тэрбум болгъё гэсэн саналыг эхлээд тавьж байсан. Тэгээд яваагүй. Одоо тэрбумыг цуглуулах гэж бөөн юм болж байна. Гэтэл үүнийг хүссэн, банкнаас зээл авъя гэхээр өөрийнх нь барьцаа хөрөнгө хүрэхгүй, баталгаа гаргаад өгчихвөл зээл авъя гэсэн ЖДҮ-ийнхэн хэдэн зуун мянгаараа зөндөө байна. Энд жишээ нь, “Ноосон зангилаа” дундын хоршооны Цэнд-Аюш сууж байна, 30-50 сая төгрөг авах гэж үгүй мөн их явсан даа. Энэ чинь одоо бидний нөгөө ярих гол асуудал шүү дээ. Бизнесийн орчинг сайжруулъя, санхүүгийн орчинг сайжруулъя гэдэг чинь энэ юм.
Эдийн засгийн өсөлтийг эргээд ярихад энд нилээд төөрөгдөж, хуурагдаад байгаа тал бий. Хэт өндөр өсөлт жирийн амьдралд мэдрэгдэхгүй байна. Энэ бол өсөлт биш. Хөрш Хятад улс эдийн засгийн өсөлт гэхээсээ илүү өсөлтийн чанар гэж ярьдаг болж. Үүнийг бид бас ярих учиртай. Хэрэв манай улсад эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээгээр гарахаар байгаа бол, түүний гол тодорхойлогч хүчин зүйл нь уул уурхай байгаа бол энэ өсөлт биш. Харин үүний оронд бусад салбарууд өсөлтөд яаж оролцож, оролцох орчин нь ямар байна гэдэг чухал. Үүн дээр бид үйл ажиллагаа явуулж байж одоо яриад буй эдийн засгийн өндөр өсөлтөө хүмүүсийн оролцоотой, нийгэмд наалдацтай, тогтвортой өсөлт болгоно. Тогтвортой өсөлт гэдэг байгаль болон бидний хүрээлэн буй орчинг дээд зэргээр хайр гамтай эргүүлж ашиглах байдлыг хэлээд байгаа юм. Үүнийг яаралтай хэрэгжүүлж анхаарахгүй бол бидний 10-15 жилийн дараахь хөгжил худлаа болох гээд байна. Тиймээс тогтвортой бөгөөд оролцоотой өсөлтийг семинар-хурлын гоё үг биш жинхэнэ бодит үйл ажиллагаа болгоё. Үүнийг улс төрийн намууд ирэх сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт маш тодорхой зааж өгөөд, хэн ч маргалдахгүйгээр бүгдээрээ хамтарч хэрэгжүүлэх хөгжлийн бодлого болгохгүй бол өнөөдөр манай улс шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг онгироодуу байгаа. Ийм байж болохгүй. Тэгэхээр өсөлтийн чанарыг ярьдаг болъё. Энэ нь хүн амын ядуу байгаа тэр хувийг багасгах явдал юм. Улмаар нийгмийн тогтворжуулагч хүч дунд ангийг бүрэлдүүлж бий болгоё. Ингэхгүй бол манайд таван төрлийн өвчин голлож монголчууд эрүүл мэндээр тааруу үндэстэн болчихсон, ой мод, ус, бэлчээрийн хомсдол, цөлжилт гээд байгаль орчинг хөндвөл нөгөө бидний мөрөөдөөд буй том том төслүүдийг хэрэгжүүлэхэд хязгаарлалт болохоор тийм түвшин бүрдчихсэн, нийгмийн том том асуудлууд эхнээсээ үүсч бий болоод байна. Байгаль орчин нийт эдийн засгаасаа хоёр дахин давчихсан ачааллаа даахгүй хэмжээнд хүрчихсэн байна. Бүх аймгуудаар авч үзвэл зарим аймаг 10 жилийн дараа усгүй, зарим нь ой модгүй болох төлөвтэй. Ийм байхад бид тогтвортой хөгжил-тогтвортой өсөлтийг хүмүүст хүрдэг тэр өсөлттэй нь хамтад нь ярьж ийм бодлого барихгүй бол болохгүй нь. Ингэж байж бидний цаашдийн хөгжлийн зөв загвар, зөв бодлого гарна. Үүнийг аливаа нэг нам зам гэлтгүй бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сайн сонсож, тэдэнтэй хамтран ажиллах механизмыг хэрэгжүүлснээр хэрэгжинэ.
Тэмдэглэсэн Б.БОЛД
Холбоотой мэдээ







![]() | Өнөөдөр | 16096 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 137641 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 415289 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5287675 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |