Инженер хүнд чадна, чадахгүй гэсэн хоёр л туйл байдаг

Сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарын зочноор Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОР аж ахуй нэгж арга хэмжээний 2010 оны ТОП100 аж ахуй нэгжид Өрсөлдөгч 50 аж ахуй нэгжийн нэг “Алъянс тех” ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Зөвлөх инженер З.Баясгаланг урьлаа. “Инженер хүн чадна, чадахгүй гэсэн хоёр л туйлын хооронд ажилладаг, би мэргэжлээрээ бахархаж явдаг” хэмээн ярих түүний ярианаас Инженер бол тэргүүн мэргэжил, харин бид түүнээс хүртэгчид хэмээн ойлгож болохоор байна. Инженерингийн салбарт үйл ажиллагаа явуулж, чадварлаг инженерүүдээр багаа бүрдүүлэн салбартаа олон амжилтыг үзүүлэн гялалзаж яваа нэгэн компанийн үйл ажиллагаа, амжилт бүтээл, уг салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан ярилцлагаа уншигчиддаа толилуулъя.

“Алъянс тех” ХХК-ийн амжилтын түүхээс...

  • 2007 онд БХБЯ-аас зохион байгуулсан “Golden tower” барилгын салбарын шилдэг компани шалгаруулах ёслолын ажиллагаанаас “Барилгын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэгч байгууллага-2007”

  • 2009 онд ЗТБХБЯ-аас зохион байгуулсан Барилга, Хөрөнгө оруулалт ЭКСПО-2009 яармагаас “Дулаан хангамжийн системийн чанартай бүтээгдэхүүн импортлогч”

  • 2009 онд ЗТБХБЯ-с зохион байгуулсан “Golden tower” барилгын салбарын шилдэг компани шалгаруулах ёслолын ажиллагаанаас “Эрчим хүчний барилга угсралтын шилдэг байгууллага-2009”

  • 2010 онд МБХ, МҮХАҮТ, Барилга.мн Барилгын зуучлал мэдээллийн төвөөс зохион байгуулсан оны шилдэг байгууллагуудыг шалгаруулах ёслолын арга хэмжээнээс “Нийгмийн хариуцлагатай байгууллага”

  • 2010 онд ЗТБХБЯ-аас зохион байгуулсан “Golden tower” барилгын салбарын шилдэг компани шалгаруулах ёслолын ажиллагаанаас “Инженерийн барилга байгууламж угсралтын шилдэг байгууллага”

  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас зохион байгуулсан “2010 оны ТОП-100 ААН-д өрсөлдөгч 50”

Юуны өмнө компанийнхаа талаар танилцуулахгүй юу?
-Манай компани 2001 оноос эхлэн барилгын дулаан, цахилгаан, сантехникийн шугам сүлжээний засвар, угсралтын ажил, дулаан даралтын хэмжих хэрэгсэл суурилуулах, худалдах зэрэг инженерингийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж эхлээд 10 дахь жилдээ ажиллаж байна. Дэлхийн дэвшилтэт технологийн шилдэг брэндийн бүтээгдэхүүнийг өндөр чанар, өргөн сонголтоор монголын хэрэглэгчдэд хүргэх зорилттой. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын нийгэм, эдийн засаг сайн, муу янз бүр л байсан. Энэ үед бид зорилгоосоо ухралгүй, үйл ажиллагаагаа явуулсаар өдийг хүрлээ.

Бид мэргэжлээрээ бахархдаг. Инженерийн ажил бол хамгийн сайхан ажил. Энэ жил манайх Увс аймгийн дулааны шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийж байна. Бид хөдөөгийн нэг сумд тог татахад захын хүн сүү, тараг бариад ирдэг юм. Учир нь бидний хийсэн бүтээсэн ажил буянтай, хүнд хүрдэг болохоор. Инженерүүд ярьдаггүй хийдэг хүмүүс л дээ. Бидний ажил чадна, чадахгүй гэсэн хоёр л замаар явдаг. Сүүлийн жилүүдэд манай компанийн борлуулалтын орлого, татварт төвлөрүүлсэн мөнгөн дүн өссөн үзүүлэлттэй. Мөн ISO26000 гэсэн шинэ стандарт нэвтрүүлэх гэж байна.

Үйл ажиллагаандаа баримталдаг зарчим, гадны ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байна вэ?
-Манай хамгийн том нийлүүлэгч болох Германы Siemens фирмийн төрөл бүрийн автомат тохируулагч HVAC (Heat ventilation air condition), мөн галын дохиолол, гал унтраах систем (fire alarm and fire extinguishing system), Дани улсын Grundfos фирмийн төрөл бүрийн насосууд, АНУ-ын Tranter үйлдвэрийн дулаан солилцуур гэх мэт их, бага хэмжээний дотоод, гадаадын 50 орчим бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтарч ажилладаг. Тиймээс хамгийн чанартай бүтээгдэхүүн, хямд үнийг барьж ажилладаг. Ер нь инженерингийн үйл ажиллагаанд чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Бүхэл бүтэн байшин хөлдөх асуудал үүсэх эрсдэлтэй. Нэгдүгээрт чанар, хоёрдугаарт хугацаа, гуравдугаарт үнэ гэсэн бодлогыг л барьж ажилладаг даа.

Дархан хотын дулаан хангамжийн системийг шинэчилсэн. Энэ жил Булган, Увс аймгийг шинэчилж байна. Төр засгийн зүгээс дулаан хангамжийн талд орхигдсон байсан аймгуудын асуудлыг шийдэж төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлж байна. Үүнд иргэн хүнийхээ хувьд баярлаж явдаг. Хөдөөгийн хүмүүс гэхээрээ л зутруу амьдрах ёсгүй шүү дээ. Энэ байдлаасаа болоод хот руу шилжих шилжилт хөдөлгөөн нэмэгдэнэ, хотын утаа ихэснэ гээд олон сөрөг үр дагавартай. Тиймээс орон нутгийг хөгжүүлж, ард иргэдийн амьдрах таатай орчин нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй.

-Монгол улсад инженерингийн салбарт тулгамдаж буй асуудлууд юу байна вэ? Эл асуудалд төр, засгийн бодлогын хүрээнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Миний бие Монгол Улсын Зөвлөх инженер. Тэгэхээр зөвхөн өөрийн компанийн тухай бус дулаан хангамжийн талаархи асуудлуудыг Монгол улсын бодлогын хэмжээнд ярих үүрэгтэй. Монгол улсын өнөөгийн дулаан, цахилгаан хангамж, автоматжуулалтын байдал ямар байна гэдэгт анхаарах хэрэгтэй. Хөдөө орон нутагт өнөөдрийн байдлаар зүгээр л нүүрс түлээд байж байгаа болохоос автоматжуулалтын систем огт байхгүй. Үүнийг дагаад нүүрс зарцуулалт ихсэх, үр бүтээл багасах, тоног төхөөрөмжийн элэгдэлд орох зэрэг сөрөг үр дагавруудтай учир хийх ажил ч их бий. Энэ чиглэлийн олон компани гарч чанар үйлчилгээ, хэрэглэгчдэд хүргэх сэтгэл ханамжаараа өрсөлдөн ажиллаасай гэж боддог.

Нэгдүгээрт, хамгийн гол энергийн эх үүсвэр бол нүүрс. Энэ нь байгалийн шавхагдах баялаг. Тиймээс нүүрсээ зүйтэй зохистой аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Үүний тулд үр ашиг өндөртэй зуух тавих нь зүйтэй. Хоёрдугаарт, байгаль орчны асуудал маш хурцаар тавигдаж байна. Энэ нөхцөлд олон улсын стандарт хангасан зуух л чухал байгаа юм.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төр, засгийн зүгээс олон төсөл, хөтөлбөр зохион байгуулж байна л даа. Өнгөрсөн жил Төв аймагт, энэ жил тус аймгийн Эрдэнэ сумд хийсэн байна. Манай Засгийн газраас хөдөөгийн бүх сумыг цахилгаанаар холбосон. Тэр нь хэр зөв ажил болсон гэдэгт асуултын тэмдэг тавиад байх шиг байна. Энэ бол зөв. Нэгэнт хийчихсэн. Хоёрдугаарт, хөдөөгийн айл ч гэсэн Монгол улсын нэг өрх гэр, адилхан л эрхтэй шүү дээ. Харин технологийн хувьд хүчдэлийн түвшин өндөрсөөд, үр ашиг нь багасах гээд байдаг талтай. Тиймээс үүнийг үр ашигтай болгохын тулд газрын гүний дулааныг цахилгаан хүрсэн сум бүрт тавих хэрэгтэй. Ингэснээр аймаг, сумын төвийн сургууль, цэцэрлэгийн түлж буй нүүрсний тээврийн зардал хэмнэгдэж, цахилгааны зардал 30 хүртэл хувиар буурна. Энэ ажлыг зориглоод хийх хэрэгтэй байгаа юм. Гагцхүү Монгол орны сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдэж буй судалгаа нь манайд тохирсон байна уу, үгүй юу гэдэгт эргэлздэг. Энэ нь монгол орны салхины хүч муу, чиглэл нь тогтворгүй, савлалт ихтэй учраас салхины эрчим хүчний эх үүсвэр тохиромжгүй. Нарны үүсгүүр гэхэд тийм ч сайн биш. Монгол орон газар зүйн байрлалаараа экватороос хэт хойшоо туйлын бүсэд оршдог. Тэгэхээр нарны тусгал ташуу болж байгаа юм. Ийм учраас хамгийн тохиромжтой нь газрын гүний дулаан.

Тэгвэл энэ ажил Монгол улсад ямар шатанд явж байна вэ?
- Газрын гүнээс дулаан авах талаар төрийн бодлого дөнгөж эхлэл төдий байгаа. Төв аймагт туршаад хийж эхэлсэн. Очиж үзээгүй учир хэр амжилттай явааг мэдэхгүй байна. Газрын гүний дулаан гэхээрээ дотроо олон янз л даа. Монгол орны нөхцөлд аль нь тохирох вэ гэх мэтчилэн. Том гол мөрөнтэй газар бол бага зэрэг ухахад ус гараад ирнэ. Усаа гаргаад дулааныг нь авна, гэтэл буцаагаад усаа хааш нь хийх вэ гэдэг асуудалтай. Өрөмдлөг хамгийн гол нь юм. Өөрөөр хэлбэл, эрчим хүч талаасаа бус, өрөмдлөг талаасаа асуудалтай.

Инженер гэдэг энэ сайхан мэргэжлийн талаар, хамт олныхоо талаар сэтгэгдлээ хуваалцвал?
- Бид мэргэжлийн инженер, туслах ажилчид нийлсэн чадварлаг багийг бүрдүүлэн, салбартаа олон амжилтыг гарган ажиллаж байна. Манай компанийн дийлэнх боловсон хүчин инженер. Би хамт олноороо бахархдаг. Инженерүүдээр багаа бүрдүүлсэн газар элдэв хов жив байдаггүй. Болно болохгүй, чадна чадахгүй гэсэн хоёр замаар л ажилладаг. Дурын хүн шалгуурт тэнцээд ажлын ачаа үүрээд ажиллаж чадахгүй. Инженерүүд улс төрчид шиг худлаа ярьж болохгүй, ажлаа хийж чадвал хийгээд л явдаг. Захын улс төрч ч ямар нэг барилга байшин барилаа гэхэд тэнд инженер байж л байдаг. Инженер нь “За” гэвэл түүнийг хийдэг. Тэгэхээр инженер хүн “нууц ноёнтон” шиг л байдаг юм. Өөрөөр хэлбэл, ямар ч дарга нарын ард заавал инженер байдаг, инженерийнхээ үгийг авдаг. Манайх мэргэшсэн инженерингийн компани, энэ чиглэлээр зөвлөгөөг өгөх үйлчилгээ мөн явуулдаг.

Сүүлийн үед төр, засгийн бодлогын хэмжээнд инженерингийн талын юм их орхигдож байна. Дэд бүтэц гээд л явчихдаг. Сэтгүүлч нарт шүүмжлэлтэй хандахад, сонин аваад үзэхэд дандаа л урлагийн одуудыг тэр тэглээ, энэ нь ингэлээ гээд бичсэн байдаг. Гал манаж байгаа цахилгаан станцын ажилтан, эмнэлэг дээр өвчтөнөө сахиад хонож байгаа сувилагч, хүүхэд эх барьж авч байгаа эмчийн амьдралыг яагаад бичдэггүй юм. Монгол улсын нийгэм маш хурдтай хөгжиж байна. Инженерийн салбар үүнээс түрүүлж явах ёстой. Гэтэл сүүлийн үед их орхигдож байна, мэргэжлийн инженерүүд ч цөөн байна.

Компанийн нийгмийн хариуцлагыг та бизнес эрхлэгч хүнийхээ хувьд тайлбарлавал. Танай компани энэ асуудалд хэрхэн анхаар ажиллаж байна вэ?
-Бид соёлтой нийгэмд ажиллаж, амьдарч байгаагийн хувьд компани гэлтгүй хувь хүн бүр нийгмийн хариуцлагатай байх ёстой. Гадаа гараад гудамжинд шүлсээ хаядаггүй байх нь соёл бөгөөд нөгөө талаасаа хариуцлага. Компани гэхээр олон хүн нэг дор нэгдэж буй учир бүр их хариуцлага цугларч байна гэсэн үг. Монгол улсын ДНБ-ий ихэнх хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа. Энэ хэрээр компанийн хариуцлага нэмэгдэнэ. Тэгэхээр бид нийгмийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх ёстой болж байна, нийгмийн өмнө ямар асуудал тулгарч байна гэдгийг олж харах ёстой. Утаа, ажилгүйдэл, ядуурал гээд их байна шүү дээ. Бид үүнээс зохих хэмжээгээр үүрэлцэж, шийдэлцэх ёстой. Манай компанийн хувьд 200 гаруй хүн ажлын байраар хангаад, татвараа цаг тухайд нь төлөөд явж байгаа. Хааяа энд, тэндээс хандив хүссэн захиа ирдэг юм. Бид үзэж байгаад яг юу хийх гэж байгаа, ямар учиртай зүйл вэ гэдгийг шалган зөв зүйлд нь л өгдөг. Залуучууд манай компанид их байдаг. Одоо сонирхогчдын “Спрайт” лигид тоглож байна.

2010 оныг Монгол Улсын Засгийн газраас Бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарлаж байсан. Та үүний үр дүнг хэрхэн тодорхойлох вэ?
-Бизнесийн орчинд ямар ч өөрчлөлт гараагүй. Зүгээр л цаасан дээр байсан ажил. Хүрдэг хүмүүстээ хүрсэн үү гэхээс биш, манай салбарт өмнөх жил ямар байсан яг хэвээрээ л байна. Ирэх жил ч тийм байх дүр зурагтай. Яаж ч байлаа гэсэн манайхыг хааж чадахгүй, дэмжих чиглэл байхгүй. Байдал ийм л байна. Инженер гэж би дахин, дахин ярьж байна. Би мэргэжлээрээ бахархдаг. Инженер хүн чадна, чадахгүй гэсэн хоёр л туйлаар ажилладаг. Үнэн, худал гэж байдаггүй. Манайх монголд үйл ажиллагаа явуулж байгаа жирийн л аж ахуй нэгж. Бизнесийн орчинд шинэчлэлт гарсангүй гээд би төр, засгаас элдэв зүйл нэхээгүй, нэхэх ч үгүй.

Энд нэг зүйлийг хэлэхэд, монголд хууль, эрх зүйн орчин муу байна гэж ярьдаг. Үүнийг би худлаа гэж боддог юм. Ямар ч үед, ямар ч нийгэмд нэг л хууль байдаг. Түүнийг ард түмэн сонгоод, УИХ нь баталчихсан. Нэгэнт баталчихсан болохоор тэр бол хууль. Түүнийг мөрдөж хэрэгжүүлэх л хэрэгтэй. Гэтэл монголд хэрэгжүүлэх механизм нь муу. Муу ч гэсэн “хууль” байна шүү дээ. Хууль нь байхгүй бол нэг өөр л дөө. Харин хэрэгжүүлдэггүй учраас асуудал үүсээд байна. Дарга нар нь хуулийн цоорхой харж байгаад л түүнийг хэрэгжүүлдэг. Саяхнаас албан тушаалын гэмт хэрэг хийсэн ч гэм зэмгүй болоод өнгөрч болдог хууль баталсан. Энэ бол хамгийн том нугалаа.

Төгсгөлийн үгийг танд үлдээе?
Цаг зав гарган ярилцлага хийсэнд баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

"Бизнес ба Хөгжил" Сэтгүүл

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл 

 
0 #1 ~zuvhun bi~ 2012-03-12 14:50
za chi hezee zuvluh avsiin. Dandaa munguur buh shagnalaa avsan shy dee. chinii umnuus nuur ylaaj bnaa. Yostoi ichmeer hyn be?
 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16065
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт137610
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард415258
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5287644

Манай сайтад: 21 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.230
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012