2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 14:59
Монголын Үндэсний Арбитр гэж ямар байгууллага вэ?
Монголын Үндэсний Арбитр нь хуулиар харъяалуулсан маргааныг арбитрын хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах бүрэн эрх бүхий төрийн бус, ашгийн төлөө бус байгууллага юм.
МҮАрбитр нь Арбитрын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, арбитрчид болон гүйцэтгэх аппараттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 21 аймагт салбар арбитртай бөгөөд салбар арбитрууд нь дотоодын хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг.
Монгол улс олон улсын арбитр бүхий дэлхийн улс орнуудын тоонд ордог. Энэ амжилтанд хүрэхэд нөлөөлсөн олон хүчин зүйл байдгаас дурьдвал: өндөр ур чадвар бүхий арбитрчидтай, хууль эрх зүйн тогтолцоо өндөр хөгжсөн, хэргийн аль нэг тал гадаад орных байсан тохиолдолд тухайн орны тогтсон ёс заншил, соёл зэргийг нээлттэй хүлээн авч хүндэтгэлтэй ханддаг.
Монголын Үндэсний Арбитр нь талуудад болон арбитрч нартаа уян хатан ханддаг бөгөөд арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай явагдах нь талуудын хариуцлагатай байдлаас ихээхэн хамаардаг.
Мөн түүнчлэн хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаа талуудын хүсэл зоригийг ямагт дээгүүр тавьж, хүндэтгэн үзэж хүлээн авдаг бөгөөд салбар бүрийн мэргэшсэн нэр хүнд бүхий мэргэжилтнүүд эрдэмтэд Монголын Үндэсний Арбитрын бүрэлдэхүүнийг бүрдүүлдэг.
Түүхийн хураангуй
МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний Арбитр нь 1960 оны 7 сарын 2-ны өдөр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдааны арбитрын тухай хууль 1995 онд батлагдсанаар МҮХАҮТ-ын дэргэдэх МҮА Монгол улсад байнгын үйл ажиллагаа явуулдаг цорын ганц арбитрын байгууллага болсон юм.
2003 оны 5 дугаар сарын 9-ны өдөр ЮНСИТРАЛ-ийн загвар хуулинд үндэслэсэн арбитрын тухай шинэ хуулийг баталснаар дэлхийн жишигт нийцсэн арбитрын тухай хууль тогтоомжтой болсон билээ.
МҮАрбитраар маргаанаа шийдвэрлүүлснээр ямар давуу талтай вэ?
Маргаанаа шийдвэрлэх хараат бус, мэргэшсэн, өндөр ур чадвартай арбитрчаа сонгох эрхтэй;
Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа нууцлал сайтай;
Цаг хугацаа хэмнэж шуурхай шийдвэрлэнэ. /Хэрэг маргаан шийдвэрлэх хуулийн хугацаа 60 хоног/;
Арбитрын шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэй;
МҮА-ын шийдвэр дэлхийн 146 оронд хүлээн зөвшөөрөгдөж биелэгдэнэ.
Ямар хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг вэ?
Арбитрын үйл ажиллагаа дараах эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулагдаж байна:
Олон улсын гэрээ конвенц
Гадаадын арбитрын шийдвэр хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай НҮБ-ын 1958 оны конвенц
Улс болон бусад улсын харъяат иргэдийн хооронд үүссэн хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх тухай 1965 оны Вашингтоны конвенц
ЭЗХТЗ -ийн гишүүн орнуудын хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны явцад үүссэн маргааныг гишүүн орнуудын Худалдааны танхимуудын дэргэдэх Гадаад худалдааны арбитрын байгууллагаар шийдвэрлүүлж байх тухай 1972 оны Москвагийн конвенц
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн Газрын хооронд байгуулсан Гадаад худалдааны байгууллагуудын бараа нийлүүлэх ерөнхий нөхцөл
Үндэсний хууль тогтоомж
Арбитрын тухай хууль
Иргэний хууль
Иргэний Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хууль
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль
Бусад холбогдох хуулиуд
Манай улсын хувьд хууль болон Монгол улсын нэгдэж орсон олон улсын гэрээ конвенц хоорондоо зөрчилдвөл олон улсын конвенцээр зохицуулна.
МҮА-ын үйл ажиллагааны зорилго юу вэ?
Монгол улсад арбитр эвлэрлийн аргаар маргаан шийдвэрлэх аргыг хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх;
Салбар арбитрын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтарч ажиллах;
Арбитр эвлэрүүлэгийн чиглэлээр шинжилгээ судалгааны ажил хийх, энэ чиглэлээр сургалт семинар зохион байгуулах;
Арбитр эвлэрүүлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж дэлгэрүүлэх;
Дэлхийн бусад арбитрын байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлэх, хамтарч ажиллах;
Арбитрын процессын үйл ажиллагааны нууцыг чанд хадгалахын зэрэгцээ арбитрын үйл ажиллагааг төвийг сахиж, шударгаар, түргэн шуурхай явуулна.
МҮАрбитр өөр ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
Арбитрын үйл ажиллагаа. Арбитрын үйл ажиллагаа нь МҮА-ын гол чиг үүрэг юм. МҮА өөрийн дүрмээ “Арбитрын тухай Монгол улсын” хуульд үндэслэн 2003 оны 6 сарын 16-ны өдөр баталсан. МҮА нь Монгол улсад арбитрын үйл ажиллагаа явуулах эрхтэй цорын ганц байгууллага бөгөөд худалдааны маргаан шийдвэрлэх арвин их туршлагатай юм.
Эвлэрүүлэх үйл ажиллагаа. 2003 оны 6 сарын 16-ны өдөр батлагдсан арбитрын дүрмийн дагуу маргаан шийдвэрлэх альтернатив аргуудын нэг нь эвлэрүүлэх үйл ажиллагаа бөгөөд энэ нь Монгол улсад маргаан шийдвэрлэх цоо шинэ арга замыг нээж өгсөн юм.
Хууль, эрх зүйн зөвлөгөө. МҮА нь сонирхсон хүн бүрт эрх зүйн мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө өгч маргаан гарахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ арбитрын үйл ажиллагааг танилцуулдаг.
Сургалт, судалгаа шинжилгээ.
Арбитрын холбогдолтой ном сэтгүүл, хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх.
Олон улсын хамтын ажиллагаа. МҮАрбитр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитрын институт бөгөөд Гааг дахь Олон Улсын Байнгын Арбитр, Олон Улсын Худалдааны Танхимын Арбитрын шүүх, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Арбитрын Төв зэрэг хэд хэдэн олон улсын арбитрын байгууллагуудын гишүүн юм. Түүнээс гадна МҮАрбитр нь дэлхийн бусад арбитрын байгууллагуудтай байнгын тогтмол харилцаатай ажиллахын зэрэгцээ олон улсын хурал чуулганд тогтмол оролцдог. 2000 онд МҮА нь Хятад, ОХУ-ын арбитрын байгууллагатай гурвалсан ээлжит чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулсан ба МҮА-н санаачилгаар энэхүү уулзалт нь олон талт уулзалт болж өргөжиж жил бүр зохион байгуулагдаж байна. Мөн МҮА нь дэлхийн арбитрын олон байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдгаас дурьдвал:
ОХУ-ын Олон улсын худалдааны арбитр
Хятадын олон улсын худалдаа эдийн засгийн арбитр
БНХАУ-ын худалдааны арбитр
Куала Лампурын бүс нутгийн арбитрын төв
Тайландын арбитрын институт
Хонг Конгийн олон улсын арбитрын төв
БНСУ-ын худалдааны арбитр
Украйн улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх олон улсын худалдааны арбитр.
Чех улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитр.
Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхэд юу шаардлагатай вэ?
МҮАрбитраар маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд гэрээндээ эсвэл гэрээний талуудын хооронд арбитрын хэлэлцээртэй байх шаардлагатай. Бид танд арбитрын загвар заалтыг санал болгож байна:
"Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой бүх маргааныг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлэнэ"
Арбитраар маргаанаа шийдвэрлэхэд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
МҮА-р маргаан шийдвэрлүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.
Нэхэмжлэлийн өргөдөл
Нэхэмжлэлийн үнийн дүн, нэхэмжлэх зүйл
Хариуцагчийн албан ёсны хаяг
Нотлох баримт
Итгэмжлэл /шаардлагатай тохиолдолд/
Арбитрын хураамж төлсөн тухай баримт
Холбоо барих:
Улаанбаатар хот, 17011, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр, УБ шуудан-101011001
Утас: 70111545
Факс: 976-70111545
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 15055 |
![]() | Өчигдөр | 16984 |
![]() | Энэ 7 хоногт | 136600 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 414248 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5286634 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |