Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн практик

Арбитрын тухай шинэ хууль батлагдсанаас хойш арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай талуудын хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүх 6 хэргийг татан авч хянажээ. Нийслэлийн шүүх дээрх хэргүүдийг хянаад Арбитрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн талуудын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгон арбитрын шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийн дугаар 20

  • Арбитрын хэрэг шийдвэрлэх хуралдааныг аль нэг талын хүсэлтээр хойшлуулж байсан тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн талуудад тайлбар хийх хугацаа олгоогүй гэж үзэхгүй.

  • Нэхэмжлэгч гадаадад тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлсэн, татварын өрийг хариуцах эзэнгүй болгосон зэрэг хариуцагчийн гаргаж байгаа үндэслэл нь баримтаар тогтоогдоогүй бол түүнийг Арбитрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.2.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн хүсэлтийн үндэслэл:

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хуулийн дагуу төлөөлөх эрхгүй этгээд ба түүнд олгогдсон итгэмжлэлийг хуулийн дагуу үйлдээгүй. Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн 10-р зүйлд ”Эрхийн чадамжгүй буюу төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэж заасан ба хариуцагч төлөөлөх эрхгүй этгээдийг арбитрын хуралдаанд оролцуулахыг татгалзсаар байтал талуудын уг дүрмийн дагуу тохиролцсон журмыг зөрчин нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэр гаргасан байна. Энэ нь Арбитрын тухай хуулийн 40.2.3-ыг зөрчиж байна.

  2. Нотлох баримтыг хангалттай цуглуулах, түүний талаар тайлбар хийх боломжоор хариуцагчийг хангаагүй /Арбитрын тухай хуулийн 40.2.2/

  3. Нэхэмжлэлд дурьдаагүй, хамааралгүй асуудлаар хамтарсан компанийг татан буулгах шийдвэр гаргасан нь Арбитрын тухай хуулийн 40.2.4 –д “арбитрын бүрэлдэхүүн арбитрын хэлэлцээрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан ...” гэж заасныг зөрчиж байна.

  4. Нэхэмжлэгч гадаадад 867988 ам. доллар шилжүүлсэн болон бусад хууль бус ажиллагааг хайцаалах боломж олгосон, татварыг өрийг хариуцах эзэнгүй болгосон нь Монгол Улсын нийтлэг ашиг сонирхолд харшилж, Арбитрын тухай хуулийн 40.2.6.-ыг зөрчиж байна.

Нийслэлийн шүүхийн 26 тоот тогтоолд дараах үндэслэлээр Арбитрын бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ Арбитрын тухай хуулийн 40.2.2, 40.2.3, 40.2.4, 40.2.6-р заалтуудыг зөрчөөгүй гэж үзсэн байна.

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид олгосон итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагад нийцсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүний цалин авдаггүй байх тул төрийн жинхэнэ албан хаагч биш, үндсэн ажил болох өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй нь хууль зөрчөөгүй байна.

  2. Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хурлыг нэхэмжлэл хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хийх ёстой байтал хариуцагчийн хүсэлтээр хойшлогдож хийгдсэн байна. Иймд талуудад нотлох баримтын талаар тайлбар хийх хугацаа байгаагүй гэж үзэх боломжгүй.

  3. Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах нэг үндэслэл нь “...Нэхэмжлэлд дурьдаагүй, хамааралгүй асуудлаар хамтарсан компанийг татан буулгах шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн гадаадад 867988 ам. доллар шилжүүлсэн болон бусад хууль бус ажиллагааг хайцаалах боломж олгосон, татварыг өрийг хариуцах эзэнгүй болгосон..” гэсэн боловч баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхийн дагуу гаргасан хүсэлтүүдэд арбитрын бүрэлдэхүүн дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Иймд Арбитрын тухай хуулийн 40.2.4, 40.2.6-д заасан “арбитрын хэлэлцээрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан”, “тухай арбитрын шийдвэр Монгол Улсын нийтлэг ашиг сонирхолд ... харшилахаар бол” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд Нийслэлийн шүүх арбитрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй үзэн гэж арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон арбитрын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийн дугаар 28

  • Гэрээний нэг тал болох хувиараа эрхлэх аж ахуй татан буугдсан боловч түүнээс хойш нөгөө тал гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч төлж байсан бол уг гэрээний төлбөрийг барагдуулах нэхэмжлэлийг ХЭАА-н эзэн өөрийн нэрийн өмнөөс гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

  • Хэрэг хянан шийдвэрлэх журамд “маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг талууд тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн тухай маргааныг шийдвэрлэхэд аль тохиромжтой гэж үзсэн зохих материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх”-ийг заасан бол уг маргааныг шийдвэрлэхэд 2002 оны Иргэний хуулийг хэрэглэхийг хориглоогүй гэж үзнэ.

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн хүсэлтийн үндэслэл:

  1. Хариуцагч ХЭАА-тай гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэлийг ХЭАА-н нэрийн өмнөөс биш, харин уг ХЭАА-н эзний байгуулсан өөр компанийн нэрийн өмнөөс гаргаж түүнийг арбитрын бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. Бид өөр компанийн нэрийн өмнөөс гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт хууль ёсны хариуцагч биш бөгөөд арбитрын бүрэлдэхүүнээс нэхэмжлэгчээр тогтоосон ХЭАА-г эрх зүйн чадамжгүй гэж үзэн Арбитрын тухай хуулийн 40.2.1-д заасан үндэслэлээр энэ хүсэлтийг гаргаж байна.

  2. Талууд Хэрэг хянан шийдвэрлэх журамд хэргийг гэрээ байгуулах үед үйлчилж байсан хууль тогтоомжийг баримтлан харилцан тохиролцсон боловч арбитрын бүрэлдэхүүн хэргийг 2002 оны Иргэний хуулийг хэрэглэсэн. Энэ нь Арбитрын тухай хуулийн 40.2.3-т заасан үндэслэлийг хангаж байна.

Нийслэлийн шүүхийн 41 тоот тогтоолд дараах үндэслэлээр Арбитрын бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ Арбитрын тухай хуулийн 40.2.1, 40.2.3-р заалтуудыг зөрчөөгүй гэж үзсэн байна.

  1. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний худалдагч тал нь ХЭАА-н эзэн А мөн байх ба нэхэмжлэгч А-ын ХЭАА 1999 онд татан буугдаж үйл ажиллагаа нь зогссон боловч энэ гэрээний үүргийг хариуцагч зөвшөөрч төлбөрийг 2003.01.09-ний өдрийг хүртэл төлж байсан байна. Иймд А үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг өөрийн нэрээр гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

  2. 2004.05.10-ны өдрийн урьдчилсан хуралдаанаар Хэрэг хянан шийдвэрлэх журмыг батлахдаа Арбитрын тухай хуулийн 34.3-г зүйлийг баримтлахаар заасан байна. Хуулийн энэ зүйлд маргааныг шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээг талууд тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн тухайн маргааныг шийдвэрлэхэд аль тохиромжтой гэж үзсэн зохих материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж болохыг заажээ. Энэ нь маргааныг шийдвэрлэхэд 2002 оны Иргэний хуулийг хэрэглэхийг хориглоогүй гэсэн ойлголт мөн.

Иймд Нийслэлийн шүүх арбитрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй үзэн гэж арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон арбитрын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийн дугаар 30

  • Хариуцагч Арбитрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.5, 20.6 дахь хэсэгт заасны дагуу маргааны харьяалалын талаар гомдол гаргаагүй, ямар нэгэн татгалзал гаргалгүйгээр арбитрын ажиллагаанд оролцсон тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ харьяалал зөрчсөн гэж үзэхгүй.

  • Хэрэв талууд Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн 31-р зүйлийн 31.4 дэх хэсэгт заасны дагуу арбитрын хуралдааны үед ямар нэгэн нөхцөл байдал тодруулах арбитрын хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй бол арбитрын хуралдаан дээр гаргасан нотлох баримтын талаар тайлбар хийх боломжоор хангаагүй үзэхгүй.

  • Арбитрын бүрэлдэхүүн хууль, хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэж хариуцагчийн гаргасан үндэслэл нь арбитрын шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн хүсэлтийн үндэслэл:

  1. Талуудын хооронд байгуулсан 2002 оны 9-р сарын 23-ны өдөр байгуулсан Лиценз шилжүүлэх тухай гэрээнд “Маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй бол БНХАУ-ын арбитраар шийдвэрлүүлэх” –ээр заасныг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь 1/ арбитрын бусад ажиллагааны талаар талуудын тохиролцсон журмыг арбитрын бүрэлдэхүүн зөрчсөн. 2/ МҮА-ын харьяалалын биш маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэсэн. 3/ Ингэж шийдвэрлэсэн арбитрт хамааралгүй хэсгийг шийдвэрийн бусад заалтаас салгаж хүчингүй болгох боломжгүй болжээ.

  2. Арбитрын хуралдаан дээр гаргасан нотлох баримтыг судалж тайлбар хийх боломжоор хангаагүй.

  3. Ашигт малтмалын тухай хуулийн 40-р зүйлд заасан “лицензийг шилжүүлэх” тухай ойлголтыг лицензийг хэн нэгнээс нөгөөд үнэ төлбөргүйгээр дамжуулан өгөх тухай гэрээний төрөл мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн шүүхийн 44 тоот тогтоолд дараах үндэслэлээр Арбитрын бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ Арбитрын тухай хуулийн 40.2.2 - 40.2.6-р заалтуудыг зөрчөөгүй гэж үзсэн байна.

  1. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа “...тухайн маргаан нь МҮА-ын харьяалалын маргаан биш болох нь нотлогдсон байхад шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй...” гэсэн байх боловч хариуцагч нь татгалзал гаргалгүйгээр арбитрын ажиллагаанд оролцож Арбитрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.5, 20.6-д заасныг зөрчсөн байх тул арбитрын бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд МҮА-т хамааралгүй асуудлыг авч хэлэлцсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

  2. Арбитрын хуралдаан дээр гаргасан нотлох баримтын талаар тайлбар хийх боломжоор хангаагүй гэдэг үндэслэлийн хувьд арбитрын хуралдаан дээр хариуцагч ямар нэгэн нөхцөл байдлыг тодруулах тухай хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаагүй байна. Иймд арбитрын бүрэлдэхүүн Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн 31-р зүйлийн 4 дэх хэсэгт ”Арбитрын хуралдааны үед шинэ нотлох баимт бүрдүүлэхийг талууд хүсвэл хуралдааныг хойшлуулж, түүнийг гаргаж өгөхийг талуудаас шаардаж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.

  3. Хариуцагч гаргасан “... арбитрын бүрэлдэхүүн хууль, хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэсэн үндэслэл нь арбитрын шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

  4. Уг арбитрын шийдвэр нь Монгол Улсын нийтлэг ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд харшлах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шүүх арбитрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй үзэн гэж арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон арбитрын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийн дугаар 27 тоот

  • Хариуцагч Арбитрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.5, 20.6 дахь хэсэгт заасны дагуу маргааны харьяалалын талаар гомдол гаргаагүй, ямар нэгэн татгалзал гаргалгүйгээр арбитрын ажиллагаанд оролцсон тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ харьяалал зөрчсөн гэж үзэхгүй.

  • Хэрэв талуудаас сонгогдсон хоёр арбитрч гуравдагч арбитрчийг томилоход талууд ямар нэгэн гомдол гаргахгүйгээр арбитрын ажиллагаанд оролцсон бол Арбитрын тухай хуульд заасан арбитрч томилох журмыг зөрчсөн гэж тооцохгүй.

  • “Шийдвэрийн үнийн дүнг хуралдааны танхимд танилцуулснаас шийдвэрт өөрөөр заасан, ямар ч хууль хэрэглэлгүйгээр шийдвэр гаргасан ” гэж хариуцагчийн гаргасан үндэслэл нь арбитрын шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн хүсэлтийн үндэслэл:

  1. Талууд арбитрын хэлэлцээр байгуулаагүй байхад хэргийг арбитраар шийдвэрлэсэн

  2. Үзлэг хийсэн болон үзлэгийн үр дүн, засварын ажлын чанар байдлын дутагдал гологдлыг арилгуулах тухай манай шаардлагыг үндэстэй эсэх талаар даргалагч нь арбитрын хуралдаан дээр танилцуулаагүй бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлах үед ч дурсаагүй өнгөрсөн. Шаардлагатай гэрчүүдийг арбитрын хуралдаанд оролцуулаагүй, нотлох баримтын талаар тайлбар хийх боломжоор хангаагүй.

  3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлтээ албан ёсоор гаргаагүй байхад үндэслэлгүйгээо 600000 төгрөгөөр нэмэгдүүлэн, уг нэмэгдүүлсэн дүнгээс алданги тооцож гаргуулахаар шийдвэрлэлээ.

  4. Арбитрын бүрэлдэхүүн ямар ч хууль хэрэглэлгүй маргааныг шийдвэрлэсэн нь “арбитрын ажиллагаа явуулах талаар талуудын тохиролцсон журам”-ыг зөрчсөн

Нийслэлийн шүүх 31 тоот тогтоолд дараах үндэслэлээр арбитрын бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ 40-р зүйлийн 40.2.2, 40.2.3., 40.2.5-д заасныг зөрчөөгүй гэж үзсэн байна.

  1. Хариуцагч нь шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа “...тухайн маргаан нь арбитрын харьяалалын маргаан биш болох нь нотлогдсон байхад шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй...” гэсэн боловч татгалзал гаргалгүйгээр арбитрын ажиллагаанд оролцсон байх тул арбитрын бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

  2. “...арбитрчийг татгалзан гаргах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Арбитрын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1, 19-р зүйлийн 19.1, 15-р зүйлийн 15.4, 40-р зүйлийн 40.2.2 дахь заалтуудыг зөрчсөн” гэжээ. Гэтэл талуудаас томилогдсон хоёр арбитрч гуравдагч арбитрчийг томилоход энэ талаар гомдол гаргалгүйгээр арбитрын ажиллагаа явагдсан байх тул дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

  3. 2004 оны 5-р сарын 3-ны өдрийн арбитрын ажиллагааны журам тодорхойлох урьдчилсан хуралдаанаар хариуцагч талаас тавьсан гэрч, холбогдох хүмүүсийг оролцуулах, үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэжээ. 2004 оны 5-р сарын 5-ны өдөр хариуцагчийн байранд үзлэг хийжээ. Түүнчлэн арбитрын хуралдаанд холбогдох гэрчүүдийг оролцуулсан байна.

  4. Хариуцагчийн “...шийдвэрийн үнийн дүнг хуралдааны танхимд танилцуулснаас шийдвэрт өөрөөр заасан, нэхэмжлэлийн үнийн дүнг үндэслэлгүйгээр ихэсгэсэн, ямар ч хууль хэрэглэлгүйгээр шийдвэр гаргасан” гэсэн үндэслэл нь арбитрын шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд Нийслэийн шүүх арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтийг үндэслэлгүй үзэн гэж арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон арбитрын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийн дугаар 23

  • Хариуцагч Арбитрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.5, 20.6 дахь хэсэгт заасны дагуу маргааны харьяалалын талаар гомдол гаргаагүй, ямар нэгэн татгалзал гаргалгүйгээр арбитрын ажиллагаанд оролцсон, талууд Хэрэг хянан шийдвэрлэх журамд “уг маргаан нь Арбитрын хуулийн 6, 20-р зүйлд зааснаар арбитрын харьяалалын маргаан” харилцан тохиролцсон тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ харьяалал зөрчсөн гэж үзэхгүй.

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай харицагчийн хүсэлтийн үндэслэл:

  1. Уг арбитрын шийдвэрт заасан асуудлууд нь Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүссэн маргаан биш, түүнээс огт өөр гэрээнүүдээс /Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ, Үйлдвэрийн барилгын засварын ажил хүлээлцэх болон хоорондын тооцоог зохицуулах гэрээ/ үүссэн аж ахуйн шинжтэй маргаанууд байна. Эдгээр гэрээнүүдэд арбитрын хэлэлцээр байхгүй байхад арбитр хүлээн авч шийдвэрлэлээ. Арбитрын тухай хуульд “...шүүхэд...хуулиар тусгайлан харьяалуулсан маргаан арбитрын харьяалалд үл хамаарна” гэж заажээ. Иргэний хуулийн 57.1-р зүйлд шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэмээн тооцох эрхтэй гэж заасан. Арбитр шүүхэд хуулиар тусгайлан харъяалуулсан асуудлыг хүлээн авч шийдвэрлэх эрхгүй гэсэн үг юм. Арбитрын бүрэлдэхүүн хамтарсан компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын байгуулсан гэрээнээс үүссэн маргааныг таслан шийдвэрлэх эрхтэй боловч уг гэрээг өөрийг нь цуцлах эрхгүй байна. Тиймээс цуцалсан явдал нь бүрэн эрхээ хэтрүүлсэн, илтэд хууль бус шийдвэр болжээ. Эдгээр нь Арбитрын тухай хуулийн 40.2.4, 40.2.5-р зүйлд заасан үндэслэлийг хангаж байна.

Нийслэлийн шүүх 43 тоот тогтоолд дараах үндэслэлэр арбитрын бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ Арбитрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.2.4, 40.2.5 заалтуудыг зөрчөөгүй гэж үзсэн байна.

  1. Хариуцагч нь нэхэмжлэлд тайлбар гаргахаасаа өмнө Арбитрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.3-т зааснаар маргааны харьяалалын талаар арбитрын бүрэлдэхүүнд гомдол гаргаагүй ба 2004.02.19-ны өдөр арбитрын бүрэлдэхүүн болон талууд хэрэг хянан шийдвэрлэх журмыг тогтоосон байна. Уг журмаар уг маргаан нь Арбитрын тухай хуулийн 6, 20 дугаар зүйлд зааснаар арбитрын харьяалалын маргаан гэж үзэж маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйг харилцан тохиролцжээ.

Иймд Нийслэлийн шүүх арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтийг үндэслэлгүй үзэн гэж арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон арбитрын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийн дугаар 22

  • Хэрэв талууд гэрээндээ “маргаанаа Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитраар шийдвэрлүүлэх”-ээр заасан, Хэрэг хянан шийдвэрлэх журамд “уг маргаан Арбитрын тухай хуулийн 6-р зүйлд заасны дагуу арбитрын харьяалалын маргаан мөн” гэж харилцан тохиролцож, түүнд гарын үсэг зурсан бол арбитрын бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ маргааны харьялал зөрчсөн гэж үзэхгүй.

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн хүсэлтийн үндэслэл:

  1. “Хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ”-нд зааснаар нэхэмжлэгч хамтарсан компанийн дүрмийн санд тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, оюуны өмчтэй холбоотой эрх, барааны тэмдэг эзэмших эрхийг оруулах үүрэг хүлээсэн. Хэрэв нэхэмжлэгч Арбитрын шийдвэрт заасанчлан патент, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвараа хариуцагчид зөвхөн ашиглуулсан юм бол лицензийн гэрээ байгуулсан байх ёстой. Гэтэл ийм гэрээ байгуулаагүй байна. Арбитрын бүрэлдэхүүн огт байхгүй хэлцлийг байгаа мэтээр гуйвуулан авч үзсэн байна. “Хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ”-нд лицензийн болон франчайзингийн гэрээнээс үүсэх харилцааг зохицуулахаар ерөөсөө заагаагүй , гагцхүү хамтарсан компанийн дүрмийн санд хувь хөрөнгө оруулах талаар хувь нийлүүлэгчдийн харилцан хүлээх үүргийн харилцааг зохицуулахаар заасан байна. Арбитрын бүрэлдэхүүн гагцхүү энэ харилцаанаас үүссэн маргааныг л хүлээн авч шийдвэрлэх бүрэн эрхтэй. Гэтэл огт өөр харилцаанаас үүсэх ёстой бөгөөд “арбитрын ямар ч хэлэлцээргүй” зохиомол маргааныг хянан шийдвэрлэжээ. Иймээс арбитрын энэ шийдвэр нь хууль бус болсон байна. Эдгээр нь Арбитрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.2.4, 40.2.5-д заасан үндэслэлийг хангаж байна.

Нийслэлийн шүүхийн 42 тоот тогтоолд дараах үндэслэлээр арбитрын бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ Арбитрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.2.4, 40.2.5 заалтуудыг зөрчөөгүй гэж үзсэн байна.

  1. Хөрөнгө оруулагчдын хооронд 2002 оны 5-р сарын 8-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулагч нар хамтарсан компанийг үүсгэн байгуулахаар харилцан тохирч, үүсгэн байгуулагчид хөрөнгө оруулалтын хувь хэмжээг тодорхой тусган дүрмийн сан байгуулсан ба нэхэмжлэгч тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, оюуны өмчтэй холбоотой эрх, барааны тэмдэг эзэмших эрхийг оруулах үүрэг хүлээжээ. Дээрх гэрээний 15-р зүйлд “энэхүү гэрээг зөрчсөний улмаас талуудын хооронд үүсэх маргааныг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын арбитрын шүүхэд шилжүүлнэ” гэж маргаан шийдвэрлэхээр заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээ МҮА-т гаргасан байна. Арбитрын бүрэлдэхүүн Арбитрын тухай хуулийн 6-р зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд 2004 оны 2-р сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх журмыг талуудын оролцоотойгоор баталж, түүнийг үндэслэн хэргийг шийдвэрлэжээ. Иймд арбитрын хэлэлцээрт хамааралгүй, харьяалал зөрчсөн маргаан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн шүүх арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтийг үндэслэлгүй үзэн гэж арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон арбитрын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service

Санал асуулга

Бизнес эрхлэгч та бүхэн МҮХАҮТанхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитр бөгөөд Танхимын Эрх Зүйн бодлогын хэлтэсээс ямар үйлчилгээ авдаг вэ?

Маргаан шийдвэрлүүлэх - 20%
Эрх зүйн зөвлөгөө авах - 20%
Гэрээний төсөл хянуулах - 30%
Гэрээний төсөл боловсруулах - 0%
Force majeure, Hardship-ийнгэрчилгээ гаргуулах - 30%
Бусад - 0%

Нийт санал: 10
The voting for this poll has ended on: 16 3-р сар 2012 - 15:07
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14296
mod_vvisit_counterӨчигдөр16984
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт135841
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт149502
mod_vvisit_counterЭнэ сард413489
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5285875

Манай сайтад: 24 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.230
 , 
Өнөөдөр: 5-р сар 20, 2012